Морь жилийн тухай Хятадын анхны кинонд юу гарах вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-14
Өвөр Монголын продюссер Сун Шуюун 2018 оны Цагаан сараар гэртээ харихдаа хамаатнуудаасаа “Таны төрсөн жил ямар утгатай вэ?” гэж асуугаад олонхоос нь “Аз жаргал бэлгэддэг” гэсэн хариу сонсжээ. Энэ хариулт түүнд хангалттай санагдаагүй тул 12 жилийн утга учрыг таван жилийн турш хайж, дөрвөн тивээр аялан морины зургаан өөр үүлдрийн талаар судлаад, сэтгэл хөдөлгөм долоон түүхийг олж “Horse Power” хэмээх баримтат кино хийсэн байна. Уг кино өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд Бээжингийн олон улсын кино наадмын үеэр олны хүртээл болсон бөгөөд албан ёсоор 2026 оны эхний өдөр гарах гэнэ. 12 жилийн амьтны тухай дэлхийн анхны кино хэмээн продюсер нь тайлбарлаад буй уг бүтээл гурван хувилбартай бөгөөд 85 минут урт нь телевиз, стриймингийн платформд зориулсан, 40 минутын хэмжээтэй нь театр, дэлгэцээр үзэхэд тохиромжтой, харин 15 минутын урттай нь хүүхдүүдэд зориулагджээ. Продюсер Сун морины үүлдрийг сонгохдоо газар зүйн олон янз байдал, ховор, онцгой гэсэн гурван шалгуур тавьж BBC телевизийн байгалийн баримтат киноны найруулагч Марк Браунлоуд хамтарч ажиллах урилгыг хоёр жилийн өмнө өгсөн байна. М.Браунлоу уг бүтээлийн талаар "Хамгийн хурдан бичдэг камер, дроныг ашиглаж морины хурд, хүчийг байгаагаар нь үзүүлэхийг зорьсон" хэмээжээ. Баримтат кинонд орсон долоон түүхээс хамгийн сэтгэл хөдөлгөм нь найман настай өвөр монгол охин 18 километрийн морин уралдаанд оролцохоор аавтайгаа бэлдэж байгаа нь гэнэ. Мөн тахийн тухай оруулсан нь морь жилийн бэлгэдлийг тайлбарлахад чухал байсан талаар продюсер тодотгожээ. Хятад улс 1985 онд тахийг сэргээх бодлого дэвшүүлж АНУ, Европоос 24 тахь авсан нь өдгөө 700 болж өссөн бөгөөд өнөөдөр дэлхий дахинд 2000 орчим тахь байна. Мөн сүүлийн 30 жилд Хятадын телевизүүдээр гарсан зэрлэг байгалийн тухай баримтат кинонууд бүгд гадаадынх байсныг продюссер Сун дурдаад, Хятадын баримтат киноны талаарх үзэл хандлагыг өөрчилнө гэжээ.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.